Populist former martial arts star and businessman Khaltmaa Battulga celebrates after winning Mongolia's presidential run-off election, in Ulaanbaatar, Mongolia July 8, 2017. REUTERS/B. Rentsendorj TPX IMAGES OF THE DAY

Ерөнхийлөгч Х.Баттулга. Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулиар ард түмний сонголтыг авч, Монгол яланчуудыг цэнхэртүүлж чадсан. Тэр ард түмний хайртай хүү байв. Гэвч…

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр Монгол яланчуудын авторын нэр хүнд унаж, дагаад ирэх онд болох сонгуульд бүдрэх нь тодорхой болсон байв. Энэ бүхэнд мэдээж оффшор, шүүхийн шинэтгэлээс эхлээд Саарал жагсаалт зэрэг нөлөөлсөн нь дамжиггүй.

Тэр ийм л галан хайчин дундуур бэдэрсээр өнөөдөртэй золгов. Гэхдээ нэр хүндийнх нь рейтинг өнгөрсөнд үлдсэн түүхтэй хамт. Тэгвэл өнөөдөр дахин ард түмний хайртай хүүгээр тодорлоо. Шалтгаан нь цар тахлын үед ард иргэдийн амжиргааг дэмжих үүднээс өрх бүрт нэг сая төгрөг олгох хөтөлбөр. Хэрэгжилт нь 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулах замаар.

Энэ санал санаачлага нь ард иргэд таалагдсан. Тиймдээ ч өнгөрсөн 24 цагийн хугацаанд Ерөнхийлөгчийн нэр хүнд суга өсөж, бараг л ирэх онд болох сонгуульд ялах сууриа цутгачих шиг болов. Энэ бол улсын Ерөнхийлөгчийн хувьд том ялалт, том боломж.

Гэвч цар тахлаар малгай хийсэн эл санаачлага нь улс орны эдийн засагт ямар хор хөнөөлтэй вэ. Өрх бүрт 1 сая байтугай нэлээд хэдэн сая төгрөг өгч болно. Иргэд авч болно. Төрөөс өгсөн юм чинь гээд хоол хүнсээ худалдаж авах нь ойлгомжтой. Энэ бүхнээс үсрээд л хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, бараа бүтээгдэхүүн импортлодог 100 гаруй компани, түүнд ажилладаг 10 гаруй иргэн л ажилтай орлоготой үлдэх байх. Гэвч нийгмийн массыг бүрдүүлэгчийн олонх нь хэдхэн өдөр гэдэс цадаад цааш яаж амьдрах вэ гэдэг асуултын хариулт бүрхэг үлдэх болно.

Учир нь…

Цар тахал нүүрлэхээс өмнө буюу сүүлийн 10 жилийн хугацаанд бонд, концесс нэрээр олон тэрбумын өр зээл тавьсан. Эдгээрийн эргэн төлөлт ирэх оноос эхлэх учиртай. Хэдийгээр цар тахал нүүрлэсэн гэдэг шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг гуйж байгаа ч энэ нь зөвхөн гал намжааж, амь аргацаах гэсэн явуургүй алхам.

Нөгөөтээгүүр, цар тахлаас үүдэн улс орны эдийн засаг хүндэрсэн. Ирэх 2021 онд байтугай ирэх жилүүдэд яаж амь зогоох нь тодорхойгүй байсаар байна. Яг ийм цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрийн амжиргааг дэмжих үүднээс 1 сая төгрөг олгох хөтөлбөр боловсруулж, Ерөнхий сайдад хүргүүллээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 1 САЯ ТӨГРӨГ АВАХГҮЙ ГЭХ ИРГЭН ОЛОН БАЙНА

Цар тахал дэлхийд нүүрлээд 10 сар, Монгол Улс дотооддоо алдагдаад 10 хонож байна. Өнгөрсөнд үлдсэн туршлагаас харвал, улс орны эдийн засгийг хамгаалах хамгийн зөв сонголт нь ажлын байрыг хамгаалах байв. Ингэхдээ төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад ААН-ийн ажилчдыг нийгмийн даатгалаас чөлөөлж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан шийдвэр юм. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн зөв хийгээд хамгийн зөв нүүдэл байлаа. Тиймдээ ч 2020 оны эхний хагас жилийг ядах юмгүй давж чадсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлага хэдийгээр өрхийн амжиргааг хамгаалах гэж буй харагдавч асуудлыг өргөн цар хүрээгээр харвал улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх явуургүй зүйл юм.

Үүнийг нь ч иргэд олоод харчихаж. Тиймдээ ч дээрх сая төгрөгийг тараалаа гэхэд авахгүй гэж ам бардам дуугарах иргэд Зайсангаас эхлээд гарч ирэх бололтой.

Хэрэв зээ, ийм эсэргүүцэл тулгарсан ч нийт массын хувьд алгаа тосон суух нь дамжиггүй. Учир нь цар тахлын сургаар нийгмийн дундаж давхарга ялангуяа эмзэг бүлгийнхний хоосон ходоод хонхолзож буй. Энэ ч утгаараа Зайсангийнхны эсэргүүцлийг залгамжилж, дэмжихгүй нь лавтай. Гагцхүү энэ бүхний ард улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, дахин картын системд шилжихгүй байгаасай.

ТӨРИЙН ЭРХ БАРИГЧ ҮҮНИЙГ ТООЦООЛСОН ГЭЖ НАЙДАЯ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ REACTION?

САВЖ УНАЛАА
1
БАХАРХМААР
6
ХӨӨРХӨН ЮМ
0
ТЭНЭГЛЭЛ
3
ЭРГҮҮ ДАГЗ
2

You may also like

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *